Сумын танилцуулга

2017-04-24 16:45

БАРУУНБҮРЭН СУМ

Баруунбүрэн сум анх 1924 оны 08-р сарын 03-нд Богд хан уулын аймгийн Баруунбүрэн хан уулын хошуу нэртэйгээр Шивээт уулын өвөрт  3 эсгий гэрийн хөрөнгөтэйгээр байгуулагдаж хошууны даргаар Ц.Луузандорж, хошууны туслагчид Г.Санжаажав сонгогдсон байдаг. 1926 онд Баруунбүрэн сумын төвийг “Улаан хошууны дуган”-ы газар суурьшуулахаар хошууны төлөөлөгчдийн хурлаар  шийдвэрлэсний дагуу Баруунбүрэн сумын хуучин төв Улаан хошуунд шилжин” ирж суурьшсан байна.

1931 онд Сэлэнгэ аймгийг “Газар тариалангийн аймаг” гэж байгуулахад Баруунбүрэн Газар тариалангийн аймгийн харъяанд байсан. 1932 оны 12-р сарын 30-нд хуралдсан БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 21-р хурлаар газар тариалангийн аймгийг “Сэлэнгэ аймаг” гэж нэрийг нь өөрчилжээ. 1937 оны 12-р сарын 15-ны өдрийн 33-р хурлын тогтоолоор Булган аймгийг Сэлэнгэ аймгийн зарим сумдаар байгуулах болсноор Баруунбүрэн сум Булган аймгийн харъяанд очиж 1942 онд буцаад Сэлэнгэ аймгийн харъяалалд ирсэн байна.

БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1956 оны 07-р сарын 27-ны өдрийн 102-р зарлигаар Сэлэнгэ аймгийг татан буулгаж Төв Булган аймагт нэгтгэснээр Баруунбүрэн сум Булган аймгийн харъяанд дахин очиж 1959 онд Сэлэнгэ аймгийг дахин байгуулснаар Сэлэнгэ аймгийн харъяанд иржээ.

Баруунбүрэн сумынхан нэгдэлжих хөдөлгөөнөөс өмнө хувийн мал аж ахуйг голлон эрхэлж Бургалтай, Ивэн, Шувуут голынхоо үржил шимт хөрсөнд арвай, буудай, хар будаа /болсон шар будаа буюу чангаамал/ вандуй тарьж өөрсдийн хэрэгцээг хангах замаар газар тариаланг туслах чанарын аж ахуй болгон эрхэлж ирсэн уламжлалтай. 1937 оны үед анхны гар үйлдвэрийн артель Амарбаясгалан хийдийн зүүн өмнө Маймааны дэвд үүсэж сүүлд Баруунбүрэн төвд шилжин ирж ажилласан. Тус артельд ажиллаж байсан хүмүүсийн ихэнх нь хийдэд шавилан сууж байсан мяндаг тушаалгүй лам нар байсан бөгөөд артель нь дүнз мод зүсэх, үхэр тэрэг, гэрийн мод, тавилга, тосны торх, эмээлийн мод хийх, гөлөм, дах дэгтий, хөнжил, клубын жүжгийн хувцас оёх зэргээр нэн чухал шаардлагатай зүйлийг үйлдвэрлэн малчдын хэрэгцээг хангадаг байв.

Баруунбүрэн сум нь нэгдэлжих хүртэл 8 багтай байсан.


1-р баг

-Хүжийн хошуу

-Хүжийн гол

-Зүүвчийн эх

-Шивээтийн даваа

-Тойлбын даваа

-Сэлэнгэ мөрөн

2-р баг

-Хүжийн хошуу

-Шар намаг         

-Цагаан хөтөл

             3-р баг

 -Шар намаг

 -Хайлааст намаг

 -Буурал

 -Зараа

4-р баг

-Халзан хамар

-Шилүүстэй

-Орхон

  5-р баг

 -Зэгстэй

 -Ивэнгийн адаг

 -Наймт

             6-р баг

-Цагаан овоо

-Лоогон Номгон

-Хөшөөтийн даваа

              7-р баг

-Майнт Хөтөл

-Жаргалант,Бумбат, Моностой

-Бургалтай

-Бүрэнгийн нуруу

-Сэлэнгэ мөрөн

-Цагаан овоо

             8-р баг

-Хөшөөт, Шувуут

-Сангийн даваа

-Урт

-Хутаг өндөр

-Бүрэнгийн зоо нуруу

-Ар бургалтай



БАГИЙН ДАРГА НАР

1.    Ишдорж, Цэнд /дуугай/

2.    Жалбуу, Очирдагва

3.    Д.Самбуу, М.Цэнд

4.    Б.Нямхүү, Ж.Гомбодагва

5.    Д.Агваандамба

6.    Ш.Лхамсүрэн, Ч.Ишжанцан, Д.Нанзад

7.    Ё.Дэвшиншагваа, Ч.Жамъяншарав, Жанчивнямбуу

8.    С.Дагва, Ц.Шаарийбуу, Д.Дагва, Лувсандамба



ӨРНӨЛТ НЭГДЭЛ

1954 онд нутгийн ард иргэд буюу тус сумын 6, 7-р багийн малчид сайн дурын үндсэн дээр нэгдэж нэгдэл нийгмийн өмчид 2500-аад адуу, 4000-аад үхэр, 4000-аад хонь, 4800 гаруй ямаа нийтдээ 48000 толгой малаа нийгэмчлэн 60-аад өрхтэй 240-өөд хүн амтайгаар “Өрнөлт” нэгдлийн суурийг тавьж нэгдлийн даргаар Ё.Дэвшиншагваа, орлогч даргаар Ш.Лхамсүрэн, Намын үүрийн даргаар Дандарын Балчинжав, нягтлан бодогчоор Доогийн Ёндон нарыг сонгон ажиллуулжээ. 1956 онд багууд татан буугдаж 287 өрхтэй нэг бригад болж даргаар нь С.Бадам-Очир, тоо бүртгэгчээр Д.Лувсандорж, Ш.Содномдорж нар, малын эмчээр Ц.Ишдорж, Ц.Мижиддорж, сувилагчаар Ш.Баасандолгор нар ажиллаж байв.

1957 онд Булган аймгийн Халиун сумаас М.Сэмжид, Нямсүрэн нарын даргатай 2 багийн 70-аад өрхтэй 10000 гаруй малтай шилжин ирж “Өрнөлт” нэгдэлд нийлжээ.

Тус “Өрнөлт” нэгдэл нь мал аж ахуйн зэрэгцээ 1959 оноос газар тариалангийн үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлж эхэлсэн бөгөөд 1960 онд 200 га газар зөвхөн улаан буудай тарьж Я.Цэрэндорж, А.Лхаажав, Д.Жигжид, Т.Цэрэнпил нар тракторч, комбайнчнаар ажиллаж байсан. Нэгдлийн сүү тосны завод 1940 оноос цөцгий боловсруулж масло цохих ажлыг усны хүчээр ажилладаг гурилын тээрмийн төхөөрөмжийг ашиглан хэсэг хугацаанд хийдэг байв. Нэгдлийг үүсгэн байгуулах үеэс эхлэн хонь маллаж гарамгай амжилт гаргасан Балдангийн Данзанчоймбол 1957 онд анхны “Улсын сайн малчин”,  Ш.Дагвадорж 1962 онд БНМАУ-ын аварга төлчин, 1971 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртжээ. Мөн 1971 онд Д.Жамъяндорж, 1972 онд Д.Лувсандорж нар БНМАУ-ын аварга малчин цол хүртсэн байна.

Нэгдлийн даргаар Б.Нямсүндэв 1967-1977 он, намын үүрийн даргаар Ц.Пүрэвсүрэн 1960-1977 он, нэгдлийн орлогч даргаар С.Бадам-Очир 1962-1977 он, ерөнхий нягтлан бодогчоор Ж.Цэнд 1967-1977 он, сумын нарийн бичгийн даргаар М.Сэмжид 1960-1983 он, ой хамгаалагчаар Д.Ёндон 1942-1959 он, Нэгдлийн жолоочоор М.Дорж, анхны механикаар Б.Сод нар хамгийн олон жил ажиллав.

БУРГАЛТАЙН САНГИЙН АЖ АХУЙ

1976 оны 12-р сарын 26-ны өдрийн БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор газар тариалан, мал аж ахуй хосолсон Бургалтайн сангийн аж ахуйг байгуулжээ. Сангийн аж ахуйн төвийг ЗХУ-ын техник, хөрөнгө, мэргэжилтний туслалцаатайгаар өөрийн орны цэргийн дайчдын хүчээр одоогийн Цагаан-Овооны “Шар хадны өвөр”-т барьж байгуулан 1980 онд ашиглалтанд хүлээн авч суурьшсан. Сангийн аж ахуйн анхны даргаар Д.Аюуш дараа нь Ч.Вандансүрэн, Ц.Шагдарпүрэв нар ажиллаж байв.

            Тус сангийн аж ахуй нь мал аж ахуйн 4 бригад, үр тарианы 5 бригад, хадлан тэжээлийн механикжсан бригад, 1000 га талбайн услалтын систем, 20000 га-гийн ургац хүлээн авах хүчин чадалтай цахилгаан төхөөрөмж бүхий 2 үтрэмтэй, сүүний чиглэлийн 400 үнээний СМФ-тэй, 10000 хурга бордох бордоо тэжээлийн 2 цехтэй жилд 120 трактор, комбайн, хөдөө аж ахуйн машин засварлах хүчин чадалтай засварын газар, 50 автомашины граж зэрэгтэй улсын хэмжээний томоохон сангийн аж ахуйн нэг байв. Сангийн аж ахуй байгуулагдсан цагаас Бүрэнханы үржил шимт тариан талбай, өгөөмөр баян нутгаас хөдөлмөрийн сайчууд олноор төрөн гарсан юм.

1989 онд Атрын 30 жилийн ойгоор Б.Батаа БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, Д.Туваандаш, Ж.Урианхай нар БНМАУ-ын аварга малчин цолыг тус тус хүртжээ. Атрын 2-р аянаар Бургалтайн сангийн аж ахуй Зүүвчийн Данжин, Банзрагчийн ар, Налгайн ар, Холбоо, Их хөндий, Гозгор, Бүдүүний ар, Цагаан чулуут, Жаргалантад атар газар хагалж 21350 га эргэлтийн талбайтай болсон байна.

Тус сангийн аж ахуйн хамт олон 1977 онд Октябрийн 60 жилийн ойгоор улсад 1-р байр, 1979 онд Атарчин залуучуудын анхдугаар их наадамд урлаг, спортоор 1-р байранд шалгарчээ.

Энэ хугацаанд М.Чулуунбаатар улсын ургацын 4 удаагийн аварга, Ж.Адъяасүрэн ургацын 2 удаагийн аварга, Ж.Алагаа ургацын 2 удаагийн аварга, О.Бямбадаг ургацын 3 удаагийн аварга, Б.Тогообор, Л.Уртнасан, Б.Батаа, Б.Болд нар тус бүр ургацын 1 удаагийн аваргаар шалгарч байв.

1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ үндсэн хуулийн дагуу орон нутгийн Засаг захиргааны анхдугаар сонгууль болж ардчилсан төрийн тогтолцооны үндэс болох Нутгийн өөрөө удирдах ёсыг хуульчлан баталгаажуулснаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгуулагдан анхны даргаар нь Чагнаабазарын Пүрэвдорж, төлөөлөгчөөр Ц.Нямдорж, Б.Батаа, Ж.Хоролгарав, Ө.Базарсад, Х.Цэнд, Да.Бадарч, П.Даваадулам, Б.Дамба нар сонгогдон ажиллаж байв. Сумын ИТХ-ын даргаар Ц.Нямдорж, сумын Засаг даргаар Д.Бадарч нар хамгийн олон жил ажилласан байдаг. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Д.Бадарч, Х.Цэнд, Б.Вандан, М.Нордог, Ж.Наранцэцэг нар сонгогдон ажиллаж байв.

 1992 онд Бургалтайн сангийн аж ахуй өмч хувьчлалын замаар зах зээлд шилжиж компани, аж ахуйн нэгж, хоршоо, хувиараа эрхлэх аж ахуй болон зохион байгуулагдаж өнөөдрийг хүртэл мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг зонхилон эрхэлж байна.

Тус Баруунбүрэн суманд Өрнөлт-Сэлэнгэ ХХК-ний захирал нь Ц.Нямдорж, Бүрэнбумбат ХХК-ний захирал нь Х.Цэнд, Бүрэн-Эрдэнэ-Монос ХХК-ний захирал нь С.Мөнхбаатар, Бүрэн-Сэлэнгэ ХХК-ний захирал нь Ж.Өлзийбаатар, Бүрэнтариа ХХК-ний захирал нь Б.Баттогтох, Бүрэн-Хархираа ХХК-ний захирал нь Д.Дагва, Бургалтайн буудай ХХК-ний захирал нь С.Нямсүрэн, Зүүвч-Ивэн-Бургалтай ХХК-ний захирал нь Н.Эрдэнэцогт, Бүрэнбургалтай ХХК-ний захирал нь Д.Энхбат, Ивэнтүрүү ХХК-ний захирал нь Д.Гантулга, Зүүнхөвч ХХК-ний захирал нь Д.Хажид, Бүрэнбүрд ХХК-ний захирал нь  Д.Жамсран, Жаргалант-Баянбүрд ХХК-ний захирал нь Ж.Саруул, Ричривер ХХК-ний захирал нь А.Амаржаргал, Сэлэнгэ-Мөнх-Арвижих ХХК-ний захирал нь Баатар, Норбу ХХК-ний захирал нь Тогтохдалай, Эх гам ХХК-ний захирал нь Ш.Халтар, Бүрэн-Оргил-од ХХК-ний захирал нь С.Отгонбаяр, Орхон тариа ХХК-ний захирал нь Дэлгэрбаяр, Бүтлийн ундарга ХХК-ний захирал нь Л.Батсүх, Алтан тошлой ХХК-ний захирал нь Хандсүрэн зэрэг аж ахуй нэгжүүд, иргэн Б.Сүлд-Эрдэнэ, Ж.Бумцэнд, Н.Тугсүрэн, О.Бямбадаг, Д.Пүрэвдорж, И.Цэнд-Очир нар газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна.

Нэгж га талбайгаас хамгийн өндөр ургац авсан Бүрэн-Сэлэнгэ ХХК, Бүрэн-Эрдэнэ-Монос ХХК, Бүрэнбумбат ХХК-нууд “Аймаг, сумын аварга тариаланч хамт олон”-оор шалгарч байсан байна.

2013 онд тус сумаас Гаваагийн Нямсүрэн Сэлэнгэ аймгийн анхны “Гавъяат малчин” боллоо.

Баруунбүрэн сумын Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 21 төлөөлөгчтэй, 7 тэргүүлэгч, 4 бодлогын хороотойгоор үйл ажиллагаа явуулдаг. Мөн нутгийн захиргааны байгууллага болох Засаг дарга нь Засаг даргын ажлын алба /ЗДТГ/, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Хүн эмнэлэг, Соёлын төвөөр дамжуулан төрийн захиргааны болон нийгэм, эдийн засгийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

 Баруунбүрэн сум нь 3 багтай, 819 өрх бүхий 3007 хүн амтай. Сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 281,5 мянган га, ой мод 93,9 мянган га, бэлчээр 153,3 мянган га, тариалангийн 22,2 мянган га талбайтай.

Тус Баруунбүрэн сум нь Улаанбаатар хотоос 360 км, Сүхбаатар хотоос 220 км, Дархан хотоос 120 км, Эрдэнэт хотоос 65 км зайд оршдог. Баруунбүрэн сум нь ой мод, гол горхи, жимс жимсгэнэ, ан амьтнаар элбэг, Бургалтай, Ивэн, Шувуут зэрэг голууд, Тахилт, Наранбулаг, Бүдүүн, Ханан зэрэг цэнгэг рашаан, булагуудтай. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Бүрэн нутагт алт, зэс, төмрийн хүдэр, жонш, баргилт, оюу, хар боржин, шороон будаг зэрэг ашигт малтмалтай, хуш, хус, хар мод, нарс, улиас, бургас, монос, яшил, яргай, жодоо, гацээр, тавилгана зэрэг навчит ба шилмүүст мод ургадаг. Бүрэнхаан, Шивээт, Дэлгэр өндөр, Хутаг өндөр, Өндөр улаан, Шаян, Номгон, Хөшөөт, Өл, Төмөрт, Арцат, Шилүүстэй, Магнай зэрэг өндөр уул нуруудтай. Самар, үрэл, үхрийн нүд, нэрс, гүзээлзгэнэ, улаалзгана, аньс, мойл, бөөрөлзгөнө, сонгино, гогод, гоньд, халиар, мангир, жууцай, хэмээл, чихэр өвс, бамбайн үндэс, даль, цээнэ зэрэг жимс жимсгэнэ, эмийн ургамлаар баялаг.

Сумын нутагт хандгай, буга, баавгай, гахай, зээх, хүдэр, солонго, жирх, хэрэм, үнэг, чоно, тарвага, гөрөөс, зурам, чандага, шилүүс, мануул зэрэг ан амьтад, ятуу, сойр, хур, тоодог зэрэг төрөл бүрийн жигүүртэн шувууд амьдардаг.

Баруунбүрэн сумаас Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн 3, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 2, Монгол Улсын төрийн соёрхолт, зохиолч Д.Мягмар,  Анагаахын шинжлэх ухааны доктор, академич 3, бусад шинжлэх ухааны доктор, профессор, дэд эрдэмтэн 16, Монгол Улсын гавъяат алдар цолтон 18, дипломатч 3, /Монгол Улсын анхны мэргэшсэн дипломатч О.Дамдиндорж, Монгол Улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ж.Чойнхор, БНМАУ-аас Тагна-Тува улсад элчин сайдаар ажилласан Д.Гомбожав/, БНМАУ-ын аварга малчин 4, Монгол Улсын сайн малчин 2, БНМАУ-ын аварга Зоотехникч Ш.Пүрэвдорж, Ургацын улсын аварга 10, Спортын мастер 10, БНМАУ-ын начин 6, Монгол Улсын харцага 1, аймаг, хошуу, даншигийн цолтой бөх олноор төрөн гарсан байна.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАРУУНБҮРЭН СУМЫН

ИВЭНГИЙН 1-Р БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн дагуу 1992 оны 10-р сард Ивэнгийн 1-р баг гэж нэрлэгдэн байгуулагдсан. Тус Ивэнгийн 1-р баг нь 2006 оны 02-р сарын сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар шинэчлэн баталсаны дагуу 96531 м газар нутагтай. Тус баг нь 194 өрхийн 728 хүн амтай. Халх, баяд, дөрвөд, хотон, урианхай зэрэг олон ястан, үндэстэн амьдарч байна.

2013 оны мал тооллогоор бүгд 59947 толгой мал тоологдсоноос тэмээ 8, адуу 3072, үхэр 4691, хонь 32435, ямаа 19741 толгой тус тус тоологдсон байна.

Манай баг мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явагддаг. Үхрийн аж ахуйн цөм сүргийн 80 хувь нь махны чиглэлийн Сэлэнгэ үүлдрийн үхэр эзэлдэг. Шашин түүх, соёл, уран барилгын гайхамшиг хосолсон 400 жилийн түүхтэй Амарбаясгалант хийд, Жаран хаширын суварга, Агуйн амны буган чулуу зэрэг дурсгалт газруудтай.

Манай багийн хамт олон дотор Монгол Улсын Сайн малчин М.Намуун, Монгол Улсын ургацын аварга комбайнч О.Бямбадаг, Аймгийн алдарт уяач М.Батмөнх, Б.Дамба, Д.Октябрь, Л.Жамъян, Ж.Ганбаатар, П.Сампил, М.Отгон, Ч.Ганхуяг, М.Эрэмжээ, Б.Заяат нарын олон алдартнууд ажиллаж амьдарч байна.

Багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар:

·         1992-1998 онд Жачины Янжив

·         1998-2004 онд Янживын Хосбаяр

·         2004-2008 онд Пүрэвжавын Даваадулам

·         2008-2012 онд Гомбын Шинэн

·         20012 оноос Халтарын Оюунцэцэг

Багийн  Засаг даргаар:

·         1992-1996 онд Дорждамбын Бат-Очир

·         1996-1998 онд Дорждамбын Октябрь

·         1998-2004 онд Дорждамбын Бат-Очир

·         2004-2010 онд Чулуунбаатарын Ганхуяг

·         2011 оноос Довдонгийн Пүрэвжав

Багийн Байгаль хамгаалагчаар:

·         1992-1996 онд Санжаалайн Отгонбаасан

·         1996-2003 онд Балдандоржийн Дамба

·         2003 оноос Цэнд-Аюушийн Даваахүү

нар тус тус ажиллаж байсан байна.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАРУУНБҮРЭН СУМЫН

БУРГАЛТАЙН 2-Р БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Тус баг нь “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн дагуу 1992 оны 10-р сард Бургалтайн 2-р баг гэж нэрлэгдэн байгуулагдсан. Бургалтайн 2-р баг нь  газар нутгийн хувьд 2006 оны 02-р сарын 17-ны өдрийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар шинэчлэн баталсаны дагуу зүүн талаараа Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумтай, урд талаараа Орхонтуул сумтай, баруун талаараа Орхон аймгийн Жаргалант сум, Булган аймгийн Хангал сумтай, хойд талаараа Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумтай хил залгаа оршдог. Сумын бүх нутаг дэвсгэрийн 60,6 хувь буюу 183180 мянган га газар нутагтай.

Тус баг нь 240 өрхийн 894 хүн амтай. Халх, баяд, дөрвөд, захчин, урианхай, хотон зэрэг олон ястан, үндэстэнтэй. Бүгд 68917 толгой малтай.

Манай багийн хамт олон дотор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Батаа, Монгол Улсын Гавъяат малчин Г.Нямсүрэн, Монгол Улсын Залуу аварга малчин М.Элдэв-Очир, Монгол Улсын аварга тракторч, комбайнч Ж.Алагаа, Л.Уртнасан, Монгол Улсын алдарт уяач Х.Нядсүрэн, аймгийн алдарт уяач С.Доржпалам, П.Сумъяа, Ж.Бүтэдмаа, О.Даш-Ёндон, Ж.Даваахүү, Д.Нямдаваа, М.Артаг, Д.Отгонбаатар, Ц.Ган-Эрдэнэ, Ц.Даваадорж, сумын алдарт уяач Д.Бүрэнжаргал, П.Цэрэндаваа, Ц.Даваадулам, Т.Хумбаа, Б.Отгонсэлэнгэ, Я.Батаа зэрэг олон алдартнууд ажиллаж амьдарч байна.

Багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар:

·         1992-1996 онд Гаваагийн Жамъяндорж

·         1996-2000 онд Ламзавын Машбат

·         2000-2004 онд Лувсандоржийн Сүлд-Эрдэнэ

·         2004-2008 онд Шарын Лагдан

·         2008 оноос Жамъяндоржийн Энхбаяр

Багийн  Засаг даргаар:

·         1992-1996 онд Ламзавын Машбат

·         1996-2004 онд Пунцагдэлэгийн Сумъяа

·         2004-2006 онд Бадарчийн Буянбат

·         2006-2008 онд Довдонгийн Пүрэвжав

·         2008 оноос Содномдоржийн Бүрэнбаяр

Багийн Байгаль хамгаалагчаар:

·         1992-1993 онд Гаваагийн Дагвадорж

·         1993-1995 онд Мужааны Мягмар

·         1995-1996 онд Дарийн Хүрлээ

·         1996-2000 онд Ламзавын Машбат

·         2000-2002 онд Ламзавын Амгалан

·         2002-2004 онд Сэрээтэрлхамын Энхтайван

·         2004-2005 онд Доржийн Отгонбаатар

·         2005-2009 онд Жамъяндоржийн Энхбаяр

·         2009-2013 онд Лагдангийн Иван

·         2013 оноос Жамъяндоржийн Энхбаяр

нар тус тус ажиллаж байсан байна.


СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАРУУНБҮРЭН

 СУМЫН ЦАГААН-ОВООНЫ 3-Р БАГИЙН

 ТАНИЛЦУУЛГА

“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн дагуу 1992 оны 10-р сард Цагаан-Овооны 3-р баг гэж нэрлэгдэн байгуулагдсан. Тус Цагаан-Овооны 3-р баг нь 2006 оны 02-р сарын сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар шинэчлэн баталсаны дагуу 1742 га газар нутагтай. Тус баг нь 385 өрхийн 1387 хүн амтай. Халх, баяд, дөрвөд, хотон, урианхай, казак, сартуул, дарьганга, тува, буриад зэрэг олон ястан, үндэстэн амьдарч байна. 2013 оны мал тооллогоор бүгд 15585 толгой мал тоологдсон.

Цагаан-Овооны 3-р багт Засаг даргын Тамгын газар, Сургууль, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, НИК Петровис ШТС, МТ ШТС, ХААН банк, Төрийн банк болон худалдаа үйлчилгээ, аж ахуй эрхэлдэг 25 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Манай багийн хамт олон дотор  Монгол Улсын Ургацын хошой аварга трактор комбайнч Ж.Адъяасүрэн, Монгол Улсын аварга тракторч комбайнч алтан түрүүний эзэн Б.Тогообор, Аймгийн аварга эмч Н.Отгонсүрэн, С.Баттөр, аймгийн Эрүүл мэндийн аварга сумын ЭМТ-ийн хамт олон, Ж.Өлзийбаатар захиралтай аймгийн аварга тариаланч хамт олон, аймгийн алдарт уяач Ж.Бумцэнд, Л.Амгалан, Д.Бүрэнжаргал нарын олон алдартнууд ажиллаж амьдарч байна.

Багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар:

·         1992-1993 онд Жадамбын Хоролгарав

·         1993-1996 онд Шарын Лагдан

·         1996-2000 онд Лувсангийн Намжилдорж

·         2000-2004 онд Паламын Мягмар

·         2005-2006 онд Индэрбатын Цэнд-Очир

·         2006-2008 онд Паламын Мягмар

·         2008-2012 онд Товуугийн Данзандорж

·         2012 оноос Даваадоржийн Алтанцогт

Багийн  Засаг даргаар:

·         1992-2001 онд Өлзийн Базарсад

·         2001-2004 онд Бадарчийн Буянбат

·         2004 оноос Дамбын Заяабазар

Багийн Байгаль хамгаалагчаар:

·         1986-1996 онд Гаваагийн Дагвадорж

·         1996-1998 онд Мужааны Мягмар

·         1998-2000 онд Базарсадын Алтангэрэл

·         2000-2001 онд Жүгдэрийн Түмэндэмбэрэл

·         2001-2002 онд Даваадоржийн Сугаррагчаа

·         2002-2003 онд Ламзавын Амгалан

·         2003-2004 онд Сэрээтэрлхамын Энхтайван

·         2005-2007 онд Бүдээгийн Дорждагва

·         2007 онд Хишигдоржийн Баясгалан

·         2007-2008 онд Содномдоржийн Бүрэнбаяр

·         2009-2013 онд Үнэнбүрэнгийн Баян-Эрдэнэ

·         2013 оноос Цэдэндамбын Цэвээнсүрэн

нар тус тус ажиллаж байсан байна.

 


2017-04-24 16:45

Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 29
  • НИЙТ:
  • 5 127
Сумдууд